Tuesday, July 2, 2013

СЕХ саналаа л хураасаар байх уу?

Аливаа ардчилсан орны иргэдийн төрийн үйл хэрэгт оролцох хамгийн чухал эрх нь сонгуульд саналаа өгөх. Энэ эрх өндөр хариуцлагатай. Та бид өөрийнхөө, гэр бүлийнхээ, нийгмийнхээ өмнө сонголтоо хийж байгаа болохоор тэр.

Монгол Улс маань ардчилсан сонгуулиар төрийн эрхийн дээд байгууллага Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, бас орон нутгийн иргэдийн төлөөлөгчиддөө сонгож эхлээд даруй 20 гаруй жилийг ардаа орхилоо. Энэ хугацаанд гараар тоолж байх эхний үед  - хэсгийн хороонд будлиан гарлаа, - тооллого худлаа явагдлаа, - тоолох үеэр тог нь тасарлаа, - хайрцгыг авч зугтлаа гэх мэтээр сенсаац тасардаггүй байсан. 2012 оноос эхлэн автомат машинаар тоолж эхлэсэн ч бас л “хар хайрцаг” санал луйвардлаа, “бүхнийг” гараар тоолоё гэх мэтээр шинэ сенсаац, яриа хэллэг өрнөсөн хэвээр л байна. Энэ бүхний цаадах "хэргийн эзэд" бол мөнөөх л Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/. 

Төрийн байгууллага болсон хойно хуулиар оногдсон үүргээ биелүүлэх л ёстой. Угтаа бол СЕХ иргэд бидний л төлөө ажиллаж байгаа "манай талын" байгууллага юмсан. Гэвч тэднийг "зовоох" этгээдүүд олон юм. 

Улс төрийн намуудаас эхлээд нөлөөлөлдөө байлгахыг санаархана. Төрийн эрх мэдэл авсан аль ч нам нь ёс юм шиг СЕХ-ны даргаар "өөрийн" хүнээ тавьснаар "ажил нь сайхан бүтэж" эхлэнэ. Бараг л бичигдээгүй хууль. Санал хураах гол ажлыг газар дээр нь нугалдаг албан хаагчид нь ч ихэнхи нь дуртай дургүй, хүчээр шахуу дайчлагдан ажиллаж байгаа төсвийн байгууллагын "орон тоо" бөглөгсөд. Дургүйд хүчгүй тэдгээр хүмүүс дотор гэхдээ чин сэтгэлээсээ зүтгэгчид нь цөөн ч гэсэн бас байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй энд. Тийм цөөхөн ч гэсэн сэтгэлээсээ ажилладаг хүнгүй бол энэ СЕХ-ны ажил нэг ч алхам урагшлахгүй нурахад яг бэлэн байдаг байх. За тэгээд үүн дээр нь манай энд тэндхийн бодлоготой, бодлогогүй улс төрийн намуудыг төлөөлөөд тэр нэг жижигхэн хэсгүүдэд "заларч" очсон хямсгар царайтай ажиглагчид бол бас нэг төрлийн "шаавканууддаа" тэр нэг жижигхэн сонгуулийн хорооны хувьд. 

Энэ мэтээр хүч сул өнөөгийн СЕХ-ны хувьд зөвхөн иргэдийнхээ сонгуулийн саналыг хураах ажил л гэхэд толгойг нь хангалттай зовоож байгаа нь нууц биш. Харин адлагддаг автомат хар машин сонгуульд нэвтрээд бага ч гэсэн тэдгээр "хүнээс хамааралтай" хүндрэлүүдийг багасгаж байгаасай билээ гэж хүсэхийн зэрэгцээ, СЕХ-ны өөр нэг чухал үүрэг буюу СОНГОГЧДОД ОНОВЧТОЙ СОНГОЛТОО ИДЭВХТЭЙ хийхэд нь туслах үүргийг биелүүлдэг болгох шаардлага байгаа тухай санаагаа уншигч таньтай хуваалцмаар байна. 

Дээрхи зорилгод хүрэхэд та бидэнд "юм бүхний бай" СЕХ-г ахин "зовоох" хэрэг гарна. Гэхдээ тэднийг шантаажлах хэлбэрээр бус шахах хэлбэрээр "зовоох" шаардлага үнэхээр их байна манай өнөөдрийн нийгэмд. 

Яагаад гэвэл СЕХ-г иргэд оновчтой сонголтоо идэвхитэй хийхэд тусладаг байгууллага болговол Монголын улс төр, ардчилсан тогтолцоонд тун ч хэрэгтэй зүйл болно. Тухайлбал, *хичнээн яриад ч учрыг нь олдоггүй Монголын улс төрийн намуудын төлөвшил, *хариуцдаг яамдынх нь тоог өсгөөд өсгөөд ч байдал нь дээшлдэггүй улсын хөгжлийн нэгдсэн тууштай, залгамж чанартай бодлого, үзэл баримтлал, *хууртагдсаар байгаад сонгогчид нь тоохоо больсон намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд тус тус шууд сайн нөлөөтэй зүйл болох юм. Сайн СЕХ сонгогчдийн ч, намуудын ч сайн АР ТАЛ байх учиртай. 

Өнөөдөр манайд явж байгаа бараг л бүх шатны сонгуулиуд дүрэмгүй бас бодлогогүй явж байна. Түүний нэг шийдэл бол сонгуулийн сурталчилгаа өрнөх дүрмийг СЕХ зангидаж, бодлогын шийдлээ улс төрийн намууд нь тодорхойлох хэрэгтэй байна. Тэгэж байж сая сонгогчид бид оновчтой сонголтоо хийнэ. Мэдээж хүчин төгөлдөр хуулийн хүрээнд. 

Аль нам нь нийгмийн халамжын мөнгө их амлаж, зээл - байр зэргээр үндэслэлтэй, үндэслэлгүй нь үл мэдэгдэх нийтийг хамарсан амлалт, хүлээлт үүсгэх замаар "үндсэндээ хулхидаж" иргэдээсээ саналыг нь авч байгаа нь манай нийгмийн явж ирсэн, явсаар л байгаа бодит дүр зураг. Тун харамсалтай. 

Хэрэв СЕХ сонгуульд оролцож буй намуудыг эхний өдөр нь сонгуульд бүртгэхийн зэрэгцээгээр нийгэмд шийдлээ хүлээж буй ГОЛ ГОЛ ээдрээтэй асуудлыг СЕХ-оос СОНГОН авч /иргэдээс нээлттэй  ил санал авах замаар/, тухайн сонгосон гол асуудлууд дээр сонгуульд өрсөлдөж буй намуудын байр суурийг ТОДОРХОЙ /бичгээр ч юмуу/ албан ёсоор гаргуулан авч, нэгтгэн багцлаад иргэдэд ХҮСНЭГТЛЭН хүргэх, улмаар намуудын санал болгож буй байр суурь, шийдлийн хэлбэр,  хоорондох ялгааг нь сонгогчдод мэдрүүлэх, нэгнийнх нь бодлого нөгөөхөөсөө яг ямар ялгаатай байгаад байгаа юм, үнэхээр зөв хэрэгтэй бодлого мөн үү? Яг биелэгдэх магадлал нь хэр юм? гэдгийг ойлгуулахад тусламаар байна. СЕХ иргэддээ үнэхээр энэ мэт БАГАХАН дүрмийн зохицуулалтаар ТОМ тус хүргэх бололцоотой. Иргэд нийлээд шахаад өгвөл.  

Ингээд ирэхээр улс төрийн намууд худлаа амлаж чадахаа болиод, амьдралтай, бодитой зүйлсээр оролдож, нам доторхи сандал суудлын хэрүүлээсээ салж, нийгмээс дэмжлэг авах магадлалтай оновчтой бодлого боловсруулах аянд хүссэн хүсээгүй гарахгүй гэж үү?  Иргэд, сонгогч бидэнд ийм л том хүч байгаа юмсан уг нь.

Мөн намын дарга нарын, эсвэл нэр дэвшигчид нарын хоорондын цуврал мэтгэлцээнийг сурталчилгаа эхэлмэгц нэг, дунд нь нэг, хаалтын өмнө нэг гэдэг ч юмуу доод тал нь 2-3 удаа зохион байгуулвал сонгогчдод ХЭН нь ХЭН бэ гэдгийг танихад их амар болно доо. Ингэхдээ хувийн ТВ, продакшнуудаас сайн хийж чадахыг нь нээлттэй сонгон гэрээ хийж, Үндэсний ТВ-ээр шууд нэвтрүүлэх цагийг нь СЕХ олгох боломжтой... 

Дээр дэвшүүлсэн хэдхэн жижиг зохицуулалт бол далайд дусал нэмрийн нэг жишээ. Гол нь цаашид яавал сонгогч бид СЕХ болон түүний салбар хороодын үндсэн үүрэг нь санал л хураах гэсэн буруу ойлголтыг нийгмээсээ ангижруулах вэ? Эсвэл манай Монголын СЕХ саналаа л хураахаас өөр юу ч хийж чадахгүй байгууллага юм уу ерөөсөө? Тийм хүчин мөхөс байх нь хэнд ашигтай вэ? Улмаар хэнд хохиролтой вэ хэтдээ? Сонгуулийн ирцийг дөнгөн данган хүргэсэн болоод хам хум байдлаар саналыг хураах ажиллагаа цаашид явсаар л байх уу? Энэ бүхний хариулт танд бий. Ажилласаг л СЕХ-той болмоор байна. 

СЕХ-г иргэд оновчтой сонголтоо идэвхитэй хийхэд тусладаг өөр олон олон гайхалтай сайхан санаа манай Монголын олон мянган залуус та бүхэнд байгаа гэдэгт эргэлзээ үгүй.

2013.07.02 


   

Tuesday, February 7, 2012

Дуурайх урлагийн орон - 物真似

Японы нийгмээс өөр ямар ч орны нийгэмд ажиглаж болох сайн ба саар зүйлсийн аль аль нь харагдана. Энэ орны нийгэм бусад олон орны л нэгэн адил шийдлээ хүлээж буй асуудал олонтой. Эдийн засаг нь хөгжөөд, хүн амынх нь "ёс зүй", харилцааны соёл дээшилсээр нь problem-free-society болсон уу гэвэл харин эндүүрэл. Зарим талаар нийгмийн асуудал нь бүр ч хүнд хэлбэрээр илрэн гараад байгаа мэт сэтгэгдэл хааяа төрдөг.

Тэгэхээр нийгэм нь хөгжин өөрчлөгдөхийн хирээр асуудлууд нь мөн хувьсан өөрчлөгддөг байх нь. Мэдээж тухайн нийгэмд хөгжлийн ямар ч хурдац, сорилтыг үл ажрах - хувьсахдаа удаан соёл, сайн муу зуршил, уламжлал байгаа нь бас ойлгомжтой. Ямар ч байсан нийгэм - асуудал - хөгжил гэсэн 3 ойлголтын аль аль нь бие биенээсээ хамааралтай хувьсагчид байж болох нь.

Харин Японы нийгмийн нэг онцлог нь дээрхи нийгэм - асуудал - хөгжил гэсэн 3 зүйлийн бий болж хоорондоо нөлөөл өгч өрнөх нь үйл явц нь нилээд хурдан. Яг л шинэ технологи, бүтээгдэхүүнүүд нь зах зээл дээрээ ар араасаа гарч ирээд үйлдвэрлэгдэхийн хирээр төдий чинээний хуучин бүтээгдэхүүн хэрэглээнээс гарч явж байгаа шиг нь энэ нийгэмийн асуудлууд нь хөгжлөө дагаад хувьсах нь хурдан. Мэдээжийн хэрэг зарим бүтээгдэхүүн олон жилийн дараа эргээд зах зээл дээр "моод" болон гарч ирдэг шиг шийдлээ хүлээн бүүр ужгарах асуудлууд ч олон байгаа байх. 

Энэ улсын нийгэм дотор тодорхой хугацаанд амьдраад үзэхэд Япончууд харийн орны соёл, эд зүйлс, бүтээгдэхүүн бүтээх арга барил, асуудлыг шийдвэрлэх бодлогыг маш чадварлаг өөрийн болгож ирсэн хүмүүс юмуудаа гэсэн нэг ерөнхий сэтгэгдэл төрөөд байгаа юм надад. Магадгүй тиймдээ ч технологийн хөгжлөөрөө дэлхийг тэргүүлэн оршин тогтнож байгаа ч юм билүү.

Гэхдээ ямар нэг зүйлийг шууд байгаагаар хуулбарлах чадварын тухай яриагүй байгааг минь та анзаарна уу. Харин бусдын ололттой талыг хэр сайн хуулбарлаж, хэрхэн зөв нутагшуулж чаддаг ард түмэн нь илүү хурдан өөрийн үйлдвэрлэлийн чадамжтай болдог юм биш байгаа гэсэн бодлынхоо талаар ярилцаж байгаа юм.

Үүнийг батлах зүйлс энэ орны хэл, урлаг гээд уг нийгмийн их олон хэсэгт байгааг хуулбарлах, дагаан дуурайх урлаг, дадал зуршил үндэстний хэмжээнд өргөн хүрээнд байршлаа олсон байгаа юм. Тухайлбал:

Хэлний тухайд: Япон хэл нь манай Монгол хэлтэй нэгэн адил Алтай язгуурын хэлний нэгд тооцогддог. Гэвч ханз хэрэглэдэг болсон нь сонин. Энэ хэлэнд ханз орж ирсэн түүх 5-р зуунтай холбогддог бөгөөд Солонгосоор дамжин Хятадаас орж ирсэн гэж яригддаг. Өөр өөр хэлбэл ханз бол Япончуудын "бусдаас авсан буюу нутагшуулсан зүйл" юм. Гэхдээ Японд хамт ном үзэж буй Хятад оюутнуудын яриа, сэтгэгдлийг сонсож байхад ч тэд энэ хоёр хэлний өөрийг ам уралдан ярьцгааж өгдөг гэхээр өөрийн онцлогтой болгон нутагшуулж чадсан нь харагдана. Хэдийгээр адил төсөөтэй дуудлагатай үг олон байдаг ч хэрэглэх хэлбэр, дан ханз болоод тэдгээрийн утгат нийлэмжүүдийн гаргах санаанууд нь өөр өөр болж ирэхийн зэрэгцээ Япон Хятад хоёр хэлний аялга, яриаг өрнүүлэх өнгө аяс нь тэс өөр юм. Хятад хэлэнд үндсэн 4 хөгөөр ялгаран аялга авдаг бол, Япон хэл нэгэн жигд аялгаар яриа өрнөдөг. Ханзнаас гадна өөр нэг жишээ гэвэл, Япон хэлэнд гадаад хэлнээс зээлсэн үгс маш их байдаг. Англи, Герман, Франц үгнүүд олон байдаг ба эднийгээ катагана буюу өөрсдийн галиг үсгээр буулган хэрэглэдэг.


Урлаг: хүний үйл хөдлөл, ярьж буй дуу тооныг дагах, мөн дууг яг хүн яаж дуулж байгааг нь дагах гэх мэт маш олон төрлийн урлагийн төрөлд Япончууд мөн гарамгай. Зурагтын хөтөлбөрөөр Гээноужин 芸能人 буюу Авъяастай гэгдэх нөхдүүд нь инээдмийн, цэнгээнт нэвтрүүлгүүдэд байнга орох бөгөөд тэдэн дотор нэртэй хүмүүсийг болон амьтан дурайгсад олон байдаг. Тэр онцгой чадвараараа тэд олонд танигдан нэрд гарцгаадаг. Зарим нь уг хүмүүс шиг нь ярьж дуулж, үйлдлүүд хийн үзэгчдийг баясгах бол, нэг хэсэг элдэв төрлийн амьтад дуурайцгаана. Яг л аваад хаяна. Мөн дунд нь дүр исгэгчид ч олон л до бас. Цуврал уралдаан тэмцээнүүд мөн өргөнөөр зохион байгуулагддаг бөгөөд үзэгчид нь ч амтшин үзээд л байна да. Харин тэдний дотроос хамгийн мундаг нь Аоки Руйжи гээд нэг залуу нь эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу хамаарахгүй олон дуучны хоолойг маш адилхан дуурайн дуулсан үзүүлбэр. Та бичлэгийг нь үзэж болно.



Жирийн үдэшлэг дээр ч юмуу, найзуудаараа уулзалдахад бусдын үйлдэл, яриаг дуурайн хөгжилдөцгөөх нь ч бий бас Япон залуус. Мөн "манга" буюу зурагт номнууд, анимэйшны хоолойг дуу оруулах нилээд нарийссан томоохон урлагийн нэг төрөл болж хөгжсөн байгаа Японд. Энэ мэт олон урлагийн төрлүүдээр дамжин хүмүүст бусдыг хэрхэн сайн дуурайх вэ гэдэг бодол бас хүн бүрт хүрдэг ч байж болох юм. Тэгээд энэ нь тэр үйлдвэрлэл, бусдын тэргүүн туршлагыг өөрийн нутагтаа төлөвшүүлэхэд хялбр болгодог байж магадгүй л юм. Дөнгөж хэдхэн өдрийн өмнө бас нэгэн шинэ нөхрийн тухай үзсэн нь Иккокуу гээд амаа ангайхгүйгээр өөрөө дуулж, хүүхэлдэйг дуулж байгаа мэт харагдуулдаг үзүүлбэр. 



Шашны тухай ярихад ч бас нилээд сонин. Энэ оронд Шинто, Буддын шашин хоёр зэрэгцэн орших боловч яг нэгийг нь ер онцлохгүй. Мөн олон бурханг хүлээн зөвшөөрдөг бөгөөд эд юм бүхэнд бурхан байдаг гэдэг үзэлтэй. Өдөр тутмын амьдралд нь Шинто нь арай гол байр эзлээд байх шиг байдаг бол бурхан болоочыг алсын замд нь үдэх ёслол зэрэг дээр бол Бурханы шашныг дагаад байх шиг байгаа юм. Мөн сүүлийн үеийн бас нэг сонин юм нь Христ биш мөртлөө Кристмасыг өргөнөөр тэмдэглэж байгаагаас гадна, Христийн сүмд хуримаа хийх залуус олширсон гэсэн. Тэр бүү хэл нэгэн бурханы шашны лам хүртэл 5-6 жилийн өмнө Христийн сүмд хуримласан нь шуугиан тариад өнгөрч байсан гэж байгаа юм. Тэгэхээр Япончууд шашныг арай хөнгөхөн /гэхдээ үнэхээр шүтлэгтэй хүмүүс/ авч үзэж, гол нь "даган баясах" сонирхол нь илүү өндөр байдаг ч юм шиг. 

Төгсгөлд нь, бичвэрийн эхэнд дурьдсан шиг ямар ч оронд нийгмийн асуудал, шийдвэрээ хүлээж буй зүйлс олон байгаа. Харин түүнийг шийдвэрлэх хурд, чадвар нь ард иргэдийнх нь өдөр тутмын амьдрал дунд, соёл нийгмийн хандлагаар нь тодорхойлогддог юм биш байгаа гэж бодогдлоо до. 

дуусаагүй эргэцүүлэл 1.

Monday, January 16, 2012

Хүн ам зүйн бодлого - Монгол Улс дэлхийн хаах нь явна вэ?

2011 оны ДЭМБ-ын статистикаар Монгол хүний дундаж нас 69 гээд дэлхийд 114-т жагсаж байна. Түүн дотор эрэгтэй хүнийх 65, эмэгтэй хүнийх 74. Энэ бол Монгол хүнд нэгийг бодогдуулахаар тааруу үзүүлэлт.
 

Монгол Улсын 60-аас дээш настны хүн амын тоонд эзлэх хувь 6-хан хувь байгаа нь дэлхийн дундаж 11%-иас даруй 5% бага байгаа бөгөөд НҮБ-ын гишүүн орны жагсаалтын 118-142-аар байрт орж байгаа үзүүлэлт болж байна. 

Сонирхуулахад Японд энэ тоо 30%, Итали, Германд 26% байж дэлхийд тэргүүлж байгаа бол Орост 18%, Хятадад хүн амынх нь 12% нь 60-аас дээш насныхан байдаг байна. Гэхдээ эдгээр тоонууд хэрэв залуу үе нь тэднээсээ олон болохгүй байвал буюу хүн амын бодит өсөлт алдагдан Япон, Итали шиг 15-аас доош насныханх нь нийт хүн амдаа эзлэх хувь нь 13-14% болоод явчихвал бүр аюултай. Өнөөдрийн байдлаар манай 15-аас доош насныхан хүн амын 26%-ийг эзлэж байгаа нь дэлхийн дундаж 27-той бараг адил байгаа нь боломжын үзүүлэлт ч хүн ам угаас цөөн манайх шиг орны хувьд дээшлүүлэх шаардлагатай зүйл гэж бодогдож байна.

Дээр дурьдсан хоёр индексээс гадна мөн орон бүрийн нийт иргэдийнх нь дундаж насыг тооцон гаргасан байдаг юм байна. Уг үзүүлэлтээс үзвэл Монгол Улсын нийт иргэдийн маань дундаж нас 26 бол Япон, Германчуудынх 44 гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа бол сайн танил орнууд болох Оросууд 38, Солонгосчууд 37, Хятадууд 34 гэсэн дундаж настай яваа юм байна.  Нийт дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүмүүсийн дундаж нас 29 боловч Нигерия, Уганда, Замбия зэрэг орны иргэдийнх 15-16 нас байгаа нь харамсалтай. Дайн самуун, хөгжлийн дорой буурай байдал шууд хамааралтайгаас гадна байгаль цаг агаарын онцлог нь мөн нилээд нөлөөтөй байдаг болов уу гэсэн бодол төрж байна. 

Монголын үрс маш олон болтугай хэмээх уриатай зэрэгцэн ахмадуудаа хэрхэн өндөр наслуулах тухай нийгмийн бодлогоо үр ашигтайгаар тодорхойлох хэрэгтэй юм болов уу гэж бодогдлоо энэ бүх тоонуудын эцэст. 

Та бидний эцэг эх тун удалгүй, тэгээд бид ч өөрсдөө тодорхой хугацааны дараа "жаргалын жаран насны" босгыг алхах бусуу. 

Үнэхээр төр-иргэд хамтран ажиллахаас өөр аргагүй үйл хэрэг хүн ам зүйн үр ашигтай бодлого л байна да энэ дайн самуунгүй энх цагт. 

Сонгуулийн энэ жил мөнгө амласан намыг нь бус Монгол хүний амьдралыг уртасгах чиглэлд ажил хийж чадах эсэхийг нь харж сонголтоо хийвэл зөв мэт.

"Амлалт өгөгчид" буюу мөрийн хөтөлбөр гаргагчид уг пост-ыг уншихгүй байх л да, гэхдээ тэдэнд дамжуулж чадах нэгэн байвал хэлээд нэг үзээрэй. 


Мэдээллийн эх сурвалж: 
http://memorva.jp/ranking/unfpa/who_2011_population_15_60.php 
http://memorva.jp/ranking/unfpa/who_2011_life_expectancy.php 

2012.1.16

Friday, November 25, 2011

Түүх бичлэг. 11-26 бол анхдугаар үндсэн хуулийн өдөр.

Маргааш буюу 11-р сарын 26-нд Монгол Улс маань 87 дахь жилдээ "Улс Тунхагласны" гэгдэх баярын өдрөө тэмдэглэх гэж байна. Сонин, веб, найз нөхдийн маань "Нүүрний Ном"-ын статусаар уг баярын уур амьсгал хүчтэйхэн орж буйг мэдэрлээ, бодвол телевиз, радиогоор компаниуд ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж, мөн дарга нар нь өөрсдийн зургаа тавин багахан ПР-аа хийцгээн, бөхөө барилдаж, дуугаа дуулж... манайхан ер нь баярыг яаж тэмдэглэдэг билээ тэр л "сайхан" уур амьсгалаараа тэмдэглэн өнгөрөөх нь лавтай маргааш. 

Харин саяхны хэдэн жилээс жил бүрийн энэ өдөр болохоор л Монголын түүх жоохон ч гэсэн гадарладаг хүмүүсийн хувьд учрыг нь тэр болгон сайн олдоггүй, энгийн "алдаа" мэт боловч бас ээдрээтэй нэг зүйл тохиолдох болсон нь уг баярын нэршлийн талаарх санаа бодлын маргаан, үл ойлгогдох тайлбарууд юм. Та бүхний сонсоогүй шинэ мэдээлэл агуулаагүй ч, түүх бичлэгийн тухай ерөнхий бодлоо илэрхийлж, уг асуудал дээр 11/26-г 12/29-тэй харьцуулан бодож өөрийн үзлээ хүргэхийг хүслээ уг бичил нийтлэлээр.

Монгол Улсын Улсаа Тунхагласан өдөр бол 11 сарын 26-наас илүү 12 сарын 29 өдөр байх нь зүйтэй - Яагаад? Түүнийг засах боломж байна - Яаж?

Соц нийгмийн үед Барон Унгерний тухай сайнаар дурсдаггүй байснаас бидний 80-аад оны төгсгөлөөр төрсөн нөхөд ч мөн анх түүхийн хичээл дээрээ ихэнхи нь түүний тухай бараанаар заалгаж байсан болов уу. Өмнөх үеийн аав ээж, ах эгч нарт маань бол бүүр сайн "зааж" өгсөн байх. Улсынхаа түүхийг инженерчлэлд орсон байсныг бид ч яаж мэдэх вэ тухайн үед. Тухайн үеийн түүхийн сурах бичиг, багш нарын зааснаар бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал "хөдөлгөөн" нь байсан бол Богд хаан дан ганц "Шашны зүтгэлтэн", Боран Унгерн цагаантны талын "дайсан" байлаа. Гэхдээ сүүлийн 10-аад жилд манай Монголын түүх бичлэгт өөр амьсгал орж, өөрсдийн үнэн түүхээ эрж хайх эрмэлзэлтэй судлаачид харьцангуйгаар олон болсон шиг. Энэ бол сайн хэрэг.

Тухайлбал, О.Батсайхан доктор, Баабар зэрэг олонд танигдсан хүмүүс ч 1911-1921 оны хооронд болсон үйл явдлууд Монголын түүхийн ямар чухал хэсэг болохыг нийтэд тайлбарлаж байгаа нь зөв зүйл гэж санагддаг. Гэхдээ мэдээж "будаач будаач гэхээр сахлаа будав" гэдэг шиг 1921 оны Ардын Хувьсгалын баатрууд, Соц нийгмийн төрийн зүтгэлтнүүдийн нэр төрд түүхэн баримтаар нотлогдоогүй хоосон таамаг төдий үндэслэлээр халдах нь маш буруу алхам болж хувирна. Сүхбаатарын хөшөөг төв талбайгаас хөдөлгөх мэт хэтэрхий туйлширсан бодол бол тусгүй зүйлс.

Аливаа түүх бичлэгт тухайн түүхэн нөхцөл байдлын "тооцоог" мөн сайтар харгалзан авч үзэхгүй бол алдаатай ойлголтуудыг нийтэд төрүүлж, олныг хамарсан буруу үзэл бодлуудыг улам бэхжүүлэхэд хүргэнэ. Өнөөдөр бидний амьдарч буй Ардчилсан нийгмийн төлбөрийг 70 жил өмнөх үеийнхэн маань төлсөн гэдгийг мартаж болохгүй бөгөөд тухайн үед ийм хол ирээдүйг харж, өөрийн улсаа авч чадсан тэдгээр баатруудаас суралцах зүйлс их байгаа болов уу өнөөгийн шийдвэр гаргагч, улс төрч гэж өөрсдийгөө цоллодог эрхмүүдэд. Хөрш орнуудын шахалт, дотооддох үзэл бодол, сонирхлын бүлгүүдийн зөрчил зэрэг зүйлс зөвхөн өнөөгийн тулгамдсан асуудлууд бус 1911, 1921 оны тухайн түүхэн цаг нэг бүрт байсан л зүйлсүүд болов уу гэж бодогддог. Түүх бичлэг ямар ч улсын хувьд хамгийн эмзэг нандин зүйлсийн нэг нь байдаг. Монгол Улсын маань хувьд ч мөн адил. Тийм болохоор бага ч гэлтгүй "алдаагүй" түүх бичлэгтэй болж, түүнийгээ хойч үедээ заан сургаж, олон улсад тайлбарлан таниулах нь их тустай.

Үүний нэг жишээ бол маргааш бидний 87 дахь жилдээ тэмдэглэх "Улс Тунхагласны" баярын төөрөгдөл төрүүлж байгаа хоёрдмол утга юм. 1924 оны 11 сарын 26-нд Монгол Улсын түүхэнд юу болсон бэ гэвэл. Тэр өдөр бид анхны үндсэн хуулиа батлаж, уг үндсэн хуулиараа БНМАУ-ыг тунхагласан. Харин БНМАУ бол 1992 оны 1 сарын 13-нд шинэ үндсэн үндсэн хуулиа батласанаар МОНГОЛ УЛС болсон. Тэгэхээр 11-н сарын 26-ныг одоо бид Монгол Улсаа тунхагласан өдөр гэж авч үзэхэд логикийн алдаатай болсон байгаа юм. 

Нөгөө талаар өнөөг хүртэл бид Улс Тунхагласан өдөр, Тусгаар Тогтнолын өдөр гэдэг 2 зүйлийг хамтатган ойлгож ирснээс болоод 11-р сарын сарын 26-ны өдөр одоо ч чухалд тооцогдон бүх нийтийн амралтын өдрийн хэмжээнд явсаар л байна. Мэдээж Монгол Улсынхаа иргэний хувьд энэ өдрийг хүндэтгэн "баяр"-ын түвшинд авч үзэх нь иргэн миний үүрэг. Гэхдээ баяр болгон тэмдэглэх үнэн утганд гараад байгаа алдааг залруулахын төлөө дуугарах нь бас иргэн миний үүрэг. 

Тэгэхээр 11-н сарын 26-н гэдэг өдөр бол БНМАУ-ыг тунхагласан өдөр. Харин уг өдрийн ХХ зууны Монголын АНХДУГААР Үндсэн хуулийг батласан өдөр гэдэг түүхэн ач холбогдол нь манай түүхээс хэзээ ч үл арилах эрхэм өдөр. Гэхдээ 11/26 бол өнөөдрийн МОНГОЛ УЛС-ыг тунхагласан өдөр биш. Энэ улсаа бид 1992 оны 1-р сарын 13-нд тунхагласан. 

Харин түүхэн өдөр хэрэгтэй гэвэл 1911 оны 12-р сарын 29-ны Олноо Өргөгдсөн Монгол Улсыг тунхагласан өдрийг сонгох нь хамгийн зөв сонголт болно. Учир нь одоо бидний хамтатган ойлгоод буй Улс Тунхагласан өдөр, Тусгаар Тогтнолын өдөр 2 бол яг энэ өдөр хамт түүхэн утгаараа тохиосон байдаг. 

Монголын түүх бичлэгт жижиг гэлтгүй - жинхэнэ "том" засах ёстой зүйлсийн нэг бол өнөөдрийн тунхагласан улс нь солигдсон ч, энэ бол бидний Тусгаар Тогтносон өдөр маань гэж нийтээрээ ойлгон тэмдэглэж буй 11/26-ны баярын өдөр. 11/26 баярын өдрөөрөө үлдэж болно, гагцхүү баярын нэрээ Анхдугаар Үндсэн хуулиа батлаж, БНМАУ байгуулсан өдөр гэвэл зохилтой. Түүнийг даган бий болсон олныг төөрөгдүүлж буй буруу ойлголт түүх бичлэгийг гажуудуулж, бусад чухал түүхэн үйл явдлууд болох 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалын үнэ цэнийг багасган харахад хүргэж болох юм.

Тиймээс 12/29-ныг зөвхөн Монголын Дипломатчдын өдөр бус МОНГОЛЫН ТУСГААР ТОГТОНОЛЫН ӨДӨР гэж нэрлэж хэвшвэл зүйтэй. Энэ мэт жижиг гэлтгүй - маш том зүйлсээр Монголын Түүх бичлэгээ сайжруулмаар байна. Маргааш тохиох ХХ зууны шинэ Монголын анхдугаар үндсэн хуулиа батлан, БНМАУ тунхагласны 87-н жилийн түүхэн өдрийн мэнд хүргье.

Б.Отгонбаатар
2011.11.25 

Tuesday, October 18, 2011

Хүний төлөөх нийгэм


10 сарийн 18-ний Өдрийн сониноос Монгол улсийн нэгэн иргэн эмнэлгийн газар хагас өдөр байсан ч эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр насан эцэслэсэн тухай харамсалтай мэдээг олж уншлаа. Шалтгаанийг тухайн нийтлэл бичсэн сэтгүүлч түүний очсон эмнэлгийн байгууллагаас голлон эрэн хайсан хандлагатайгаар бичсэн санагдав. Тэгэлгүй ч яахав. Харин тухайн байгууллагийн орлогч дарга хэмээх нэгэн эрхэм хэлэхдээ “эргүүлийн цагдаагаар хүргүүлж ирсэн нэгэн “архичин” яах гэж байгаа нь мэдэгдэхгүй унтаж байсан гэсэн, манай байгууллагын байранд нас барсанд харамсаж байна” гэсэн утгатай ярилцлага өгчээ. Харин түүний ойр орчимд тухайн үед байсан иргэд түүнийг эмнэлгийн тусламж хүсэж байсан  гэж хэлсэн тухай сэтгүүлчид мэдээллэжээ. 

Дээрхи эмгэнэлтэй хэргийн талаар тэр эмнэлэг, энэ согтуу гэж хэргийн буруутанг олж тогтоохыг урьтал болгосонгүй. Зөвхөн өөрийнхөө бодолд туссан уг хэргийн талаархи шалтгаанийг хэлэх гэсэн юм. Тэр бол манай нийгмийн дээдхэс гэгдэх нөхдөөсөө авахуулад доодох гэгдэх олон хүмүүст нийтлэг ажиглагддаг “Хариуцлагаас Зугатах Зан”. 

Бодоод үзьелдээ бүгдээрээ.  Хэрэв тухайн хүнийг эмнэлэгт хүргэж ирсэн эргүүлийн цагдаа жоохон л “хүнлэг” сэтгэл гаргаад эмч нарт хариуцлагатайгаар эмчлэхийг хүссэн бол... Хүлээн авсан эмч нь ажилдаа мэргэшсэн, өвчтнийхөө зовиур шаналалыг шуудхан мэдэж оновчтой арга хэмжээ авах сэтгэл өчүүхэн ч гэсэн төрсөн бол... Мөн бусад эмч нар, тухайн байгууллагийн ажилчид талийгаачийн хажуугаар нь зүгээр хараад өнгөрхийн оронд энэ хүн яасан юм бол, хүн гуай зүгээр үү? гээд л асууж ярилцсан бол... Оройлцоо нь байсан жирийн иргэд эмч нарт түүний бие тааруу буйг мэдэгдэн арга хэмжээ авахыг шаардсан бол... тэр хүн өнөөдөр амьд байж болох байлаа. Хамгийн гол нь ХҮМҮҮС хоорондийн нэгнийхээ төлөө гэх сэтгэл дутагдсан болоод тэр хүн өнөөдөр бидний дунд алга болжээ. Ажил үүрэг хүлээсэн цагдаа эмч нар тэр ажлаа хийсэн нэр төдий зүгээгүйсэн бол... Ихэнхдээ хийдүүлж бус хийж буй ажлаа нийгмийн үйлчилгээний алба гэдгийг сайтар ойлгож ажилласан бол... гэх мэтчилэн гээр миний бол... ууд цааш үргэлжлэн, бичиж буй сэдвээс маань бүр хазгайруулж орхих гээд болдоггүй ээ.

Хамгийн гол хэлэх гэсэн санаа маань “эмнэлэг, цагдаа, татвар гээд төрийн бусад үйлчилгээний албаныхан энэ миний ажил биш, тэр мэднэ тийшээ яв гээд өөрөөсөө бүх зүйлийг зайлуулдаг нэг болчимгүй зан манай нийгэмд их байгаа ажиглагддаг. Тэдгээр төрийн албаны хүнд сурталтай хэсэг нөхөд төр иргэддээ үйлчлэх, тэднийг хамгаалахийн тулд оршин байдаг газар гэдгийг ойлгодоггүй, бас мэддэггүй нь төдий чинээ юм. Шууд биш хамааралтай ч, ХЗЗ-ын улмаас нэгэн хүний алтан амь золиос болжээ гэсэн бодол төрлөө.


“хүчтэй төрийн” “архичин нэгэн залуу” R.I.P

Sunday, January 24, 2010

Монгол Улс

Энд болсон нэгэн соёлын арга хэмжээнд зориулан бичсэн нэг тойм маягийн бичвэрээ блогтоо тавиадхая.

|2009 оны 12 сарын 6-ны байдлаар|
Газар зүй:
Монгол Улс нь Төв болон Зүүн Хойд Азийн тэгш өндөрлөг газарт 1 сая 564мянган км2 талбай эзлэн өмнө талаараа БНХАУ, хойд талаараа ОХУ-тай хил залган оршино. Цаг агаарын хувьд говь хээрийн эрс тэс, хуурай уур амьсгалтай, далайд гарцгүй орон юм. Цагийн 3 бүсэд хуваагдах ба Зүүн бүс нь Япон Улстай адил болно. Монгол Улс засаг захиргааны нэгжийн хувьд Нийслэл хот Улаанбаатар, 21 аймагтай.
Хүн ам:
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр Монгол Улсын нийт хүн ам 2 сая 735 мянга гэж тооцоологдсон байна. Үүнээс насны хувьд 35 аас доош насныхан 2|3-ийг эзлэж байгаа бөгөөд түүнийхээ хагас нь 14 ээс доош насныхан байна. Хүн амын насны бүтцээр авч үзвэл Монгол Улс харьцангуй залуу оронд тооцогдох юм. Насанд хүрсэн нийт иргэдийн 98% бичиг үсэг тайлагдсан. Төрөөс суурь боловсролыг үнэ төлбөргүй олгодог. Үндэстний хувьд хүн амын 93 хувь нь Монгол, 6 хувь нь Казак, 1 хувь нь бусад үндэстэн. Монгол үндэстэн мөн ахуй соёл, хэлний өвөрмөц ялгаа бүхий олон арван ястантай.
Түүх:
Монголчууд хүн төрөлхтөн, дэлхийн түүхэнд өөрсдийн гэсэн ул мөрөө үлдээсэн ард түмэн юм. Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 30 мянган жилийн тэртээ буюу эртний дээд чулуун зэвсгийн үеэс авхуулан хүн амьдарч байсан ул мөр олонтоо олддог бөгөөд эртний нүүдэлчдийн томоохон хаант улсууд тус газар дээр оршин тогтнож байсан байдаг.
13 зууны эхэн үед олон зуун тархай, бутархай Монгол овог аймаг оршин байсан бөгөөд, тэднийг нэгдсэн нэгэн төрт улсад нэгтгэн удирдсан хүн бол Чингис Хаан юм. Тэрээр 1206 онд Их Монгол Улсыг тунхаглаж хүн төрөлхтний түүхэнд хамгийн томд тооцогдох эзэнт гүрнийг үүсгэн бий болгожээ. Их Монгол Улс нь газар зүйн их нээлт хийгдэхээс өмнөх тухайн үеийн нийт “дэлхийн” буюу ЕвроАзийн 2|3-ийг эзэлсэн газар нутагтай байсан байна.
Гэвч энэхүү байлдан дагуулал, нэгтгэн удирдахад төвөгтэй хэтэрхий том газар нутаг, олон өөр соёл иргэншил, Монгол Хаадын бие даасан тусгаар бодлогын улмаас 15-р зуунд нуран унасан байна. Энэ цагаас хойш 20 зууны эхэн, дунд үе хүртэл Монгол үндэстэн салан бутарч, өөр өөр хэсэгт хуваагдан жижгэрсэн байна.
17-18 зуунд Монголчууд 3 хуваагдан Манжийн ноёлолд орсон бөгөөд Гадаад, Өвөр, Баруун Монгол гэх өнөөдөр бидний мэдэх нэрнүүд тухайн үеэс үүсэлтэй аж. Газар зүйн ойр байдал Манжийн баримтлаж байсан бодлогоос шалтгаалан Өвөр Монголын нутаг Хятадчиглагдаж, олон тооны Баруун Монголчууд устгуулсан байна. Энэ үеэс Буддизм Монголд мөн хүчтэй нэвтэрчээ.
19 зууны сүүлээс Гадаад Монголруу баримтлах Манжийн бодлогод өөрчлөлт орж, Өвөр Монгол шиг Хятадчиглагдах аюул тулсан бөгөөд, Манжийн хараат байдлаас гарч тусгаар улс байгуулах хөдөлгөөн Монголчуудын дунд өрнөсөн байна. Улмаар 1911 онд Богд Хаант Монгол Улс байгуулагдаж, тусгаар тогтнолоо зарласан боловч 1918 онд цэргийн хүчээр ахин тусгаар тогнолоо алджээ. Дахин 1921 онд Монголын тусгаар тогтнолын хувьсгалчид хойд хөрш Оросын тусламжтайгаар тусгаар тогтнолоо ахин сэргээж Баруун Монголын зарим хэсгийг мөн чөлөөлж, 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхаглажээ.
1924-1991 он хүртэл Монгол Улс нь Социалист чиг баримжаатай орон байсан. 1945 онд Бүгд Найрамдах Хятад Улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн, Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон явдал нь тус тус Монгол Улсыг Олон Улсын Эрх зүйн зарчмаар тусгаар тогнолоо баталгаажуулж, сахин хамгаалахад чухал алхам болсон байна.
Соёл:
Уламжлалт:
Орчин цаг:
Улс төр:
1990-өөд оны сүүлээр дэлхий дахинд өрнөсөн өөрчлөн шинэчлэлт Монгол Улсад мөн тусгалаа олж Социалист нийгмийн байгуулалаас Ардчилсан нийгэмрүү Монгол Улс тайвнаар шилжин оров. Улс төрийн олон намын тогтолцоо, иргэний эрхийн ойлголт, хувийн өмч Монголд бий болов. Түүхийг гуйвуулж, ард иргэдийг хүчлэн удирдаж байсан байдал өөрчлөгдөв.
1992 онд Шинэ Үндсэн Хууль батлагдаж, төрийн дээд эрх мэдэл ард түмний гарт буюу төлөөллийн ардчилсан зарчимтай байхаар болж, анхны чөлөөт парламентын сонгууль явагдав. 1993 онд Монголчууд анхны Ерөнхийлөгчөөр ардчилсан хүчний П.Очирбат сонгогдов. 70 жил Монголыг дангаараа удирдсан МАХН 1996 оны сонгуулиар ялагдаж, ардчилсан хүчин засгийн эрхэнд анх удаа гарав. 1997, 2001 Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын Н.Багабанди сонгогдож 2000 онд МАХН эргэн засгийн эрхэнд гарав. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын Н.Энхбаяр сонгогдов. 2004, 2008 оны сонгуулийн дүнгээр улс төрийн голлох 2 нам ойролцоо суудал авч хамтарсан засгийн газар байгуулан ажиллаж байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан хүчний Ц.Элбэгдорж сонгогдов.
Өнөөдөр Монголд Улс төрийн 20 орчим нам, олон зуун иргэний байгууллага, эвлэл ажиллаж байна.
Эдийн засаг:
Монгол Улсын эдийн засаг нь дан ганц мал аж ахуй голлосон байдлаас гарч, үйлдвэрлэл уул уурхай, газар тариалан, аялал жуулчлалын салбарт мөн анхаарал тавьж, эдийн засгийн олон салбарыг нэгэн зэрэг хөгжүүлэх бодлого баримтлаж байна.
Монгол Улс байгалийн ховор эрдэс баялаг болох Алт, Хар Нүүрс, Коксждог Нүүрс, Зэс, Молибден, Уран, Цайр зэргийн томоохон нөөцтэй хөгжиж байгаа орон. Хурдацтай хөгжиж байгаа БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах, байгалийн баялагыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал хамгийн чухал зорилт болоод байна одоо.
Эдийн засгийн гол гол үзүүлэлтийг авч үзвэл хямралаас өмнө 2003-2008 он хүртэл эдийн засгийн дундаж өсөлт 8 орчим хувьтай байсан бол 2009 онд 0.5 хувь болж буурчээ. Ирэх 2010 оноос байдал эргэн сэргэж 3 хувь орчмоор өсөх урьдчилсан шинж байгаа юм байна.
Гэвч хүн амын дунд ядуурал, төрийн албаны авилгал хээл хахуултай байдал нийгмийг асар ихээр бухимдуулж байна. Ажилгүйдэл албан мэдээгээр 3 орчим хувь гэгдэж байгаа ч бодит байдал дээр хавьгүй их байж мэдэх юм. Түүн дээр нь үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Хүн амын нийслэл хот дахь хэт төвлөрөл агаарын болон ундны усны бохирдол үүсгэж нийгмийг улам бүр хүндрүүлж байна. Олон арван боловсрол мэдлэгтэй, хөдөлмөрийн насны залуус эх орноосоо дайжиж байна.
Эдийн засаг, ахуй амьдралын эдгээр хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, оршин амьдрах нийгмийн таатай орчинг бий болгох бололцоог эдийн засгийн бодит хөгжил, ардчилсан засаглалын төлөвшил бий болгох болохоор энэ чиглэлд нийгмийн зүгээс шүүмжлэлтэй хандах хандлага их байна өнөөдрийн Монголд.
Өнгөрсөн 10 сард Монгол Улс Канад, Английн компаниудтай уул уурхайн төсөлд хамтран ажиллах томоохон гэрээ байгуулсан нь эдийн засгийн нааштай орчинг бий болгож эхлэж байгаа тухай мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллэлийн хэрэгслээр ихээр цацагдаж байна сүүлийн үед.
Монгол Японы харилцаа
Монгол Япон ард иргэд хоорондын албан бус болоод, улс хоорондын албаны харилцаа түүхэндээ урьд өмнө хэзээ ч байгаагүй тийм өндөр түвшинд хүрч хөгжөөд байна өнөөдөр.
Монгол Улсын Эдийн Засгийн шилжилтийн үед Япон улсын засгийн газрын санаачлагаар байгуулагдсан хандивлагчдын цуврал чуулга уулзалт Монгол Улсын эдийн засагт түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Цахилгаан станц, нийтийн тээвэр, боловсролын салбарт тэдгээр тусламжууд бодитойгоор дэмжлэг болж чадсан нь Монгол иргэдийн дундах Япон Улс, Япон хүний талаархи таатай сэтгэгдлийн нэг шалтгаан юм.
Мөн түүнчлэн хоёр орны соёлын харилцаа боловсрол, спорт, урлаг, аялал жуулчлал гэсэн үндсэн салбаруудад хөгжиж байна.
Энэ бүх орчин цагийн таатай харилцаа хоёр орны төр засгийн таатай харилцаанаас гадна, иргэд-иргэд хоорондын бие биенээ хүндэтгэсэн найрсаг байдалтай холбоотой болов уу. Мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн Хөх толботой төрдөг цөөхөн үндэстний тоонд Монгол, Япон хоёул ордог нь эртнээс хоёр орны иргэдийн хооронд угсаа зүйн холбоо байсан байж болохыг илтгэж буй хэрэг ч байж мэдэх юм.
Оогий in IUJ

Tuesday, October 14, 2008

Төрийн эрх ард түмний гарт...

Монгол Улсын орон нутгийн сонгууль-2008 өнгөрөгч Ням гарагт Монгол орон даяар болж өнгөрлөө. Хачирхалтай нь Монгол Улсын түүхэнд анх удаагаа сонгуулийн ирц хүрэлгүй уг сонгууль хэд хэдэн газарт дахин явагдахаар болсон байна.

Ирц хүрээгүй явдлыг зөвтгөхгүй байгаа ч, энэ удаад учир шалтгаан нь минийхээр ердөө маш тодорхой байлаа.

Иргэд нам болж тоглодог цөөн хэдэн хүнд алдагдаад байсан өөрсдийнхөө эрх мэдлээ олж авахын төлөөх бас нэгэн алхамаа хийсэн юм болов уу, гэж харж байна уг үйл явдлыг.

Төр шиг төр байсансан бол "бид" юу гэж ингэхэв дээ...