Энд болсон нэгэн соёлын арга хэмжээнд зориулан бичсэн нэг тойм маягийн бичвэрээ блогтоо тавиадхая.
|2009 оны 12 сарын 6-ны байдлаар|
Газар зүй:
Монгол Улс нь Төв болон Зүүн Хойд Азийн тэгш өндөрлөг газарт 1 сая 564мянган км2 талбай эзлэн өмнө талаараа БНХАУ, хойд талаараа ОХУ-тай хил залган оршино. Цаг агаарын хувьд говь хээрийн эрс тэс, хуурай уур амьсгалтай, далайд гарцгүй орон юм. Цагийн 3 бүсэд хуваагдах ба Зүүн бүс нь Япон Улстай адил болно. Монгол Улс засаг захиргааны нэгжийн хувьд Нийслэл хот Улаанбаатар, 21 аймагтай.
Хүн ам:
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр Монгол Улсын нийт хүн ам 2 сая 735 мянга гэж тооцоологдсон байна. Үүнээс насны хувьд 35 аас доош насныхан 2|3-ийг эзлэж байгаа бөгөөд түүнийхээ хагас нь 14 ээс доош насныхан байна. Хүн амын насны бүтцээр авч үзвэл Монгол Улс харьцангуй залуу оронд тооцогдох юм. Насанд хүрсэн нийт иргэдийн 98% бичиг үсэг тайлагдсан. Төрөөс суурь боловсролыг үнэ төлбөргүй олгодог. Үндэстний хувьд хүн амын 93 хувь нь Монгол, 6 хувь нь Казак, 1 хувь нь бусад үндэстэн. Монгол үндэстэн мөн ахуй соёл, хэлний өвөрмөц ялгаа бүхий олон арван ястантай.
Түүх:
Монголчууд хүн төрөлхтөн, дэлхийн түүхэнд өөрсдийн гэсэн ул мөрөө үлдээсэн ард түмэн юм. Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 30 мянган жилийн тэртээ буюу эртний дээд чулуун зэвсгийн үеэс авхуулан хүн амьдарч байсан ул мөр олонтоо олддог бөгөөд эртний нүүдэлчдийн томоохон хаант улсууд тус газар дээр оршин тогтнож байсан байдаг.
13 зууны эхэн үед олон зуун тархай, бутархай Монгол овог аймаг оршин байсан бөгөөд, тэднийг нэгдсэн нэгэн төрт улсад нэгтгэн удирдсан хүн бол Чингис Хаан юм. Тэрээр 1206 онд Их Монгол Улсыг тунхаглаж хүн төрөлхтний түүхэнд хамгийн томд тооцогдох эзэнт гүрнийг үүсгэн бий болгожээ. Их Монгол Улс нь газар зүйн их нээлт хийгдэхээс өмнөх тухайн үеийн нийт “дэлхийн” буюу ЕвроАзийн 2|3-ийг эзэлсэн газар нутагтай байсан байна.
Гэвч энэхүү байлдан дагуулал, нэгтгэн удирдахад төвөгтэй хэтэрхий том газар нутаг, олон өөр соёл иргэншил, Монгол Хаадын бие даасан тусгаар бодлогын улмаас 15-р зуунд нуран унасан байна. Энэ цагаас хойш 20 зууны эхэн, дунд үе хүртэл Монгол үндэстэн салан бутарч, өөр өөр хэсэгт хуваагдан жижгэрсэн байна.
17-18 зуунд Монголчууд 3 хуваагдан Манжийн ноёлолд орсон бөгөөд Гадаад, Өвөр, Баруун Монгол гэх өнөөдөр бидний мэдэх нэрнүүд тухайн үеэс үүсэлтэй аж. Газар зүйн ойр байдал Манжийн баримтлаж байсан бодлогоос шалтгаалан Өвөр Монголын нутаг Хятадчиглагдаж, олон тооны Баруун Монголчууд устгуулсан байна. Энэ үеэс Буддизм Монголд мөн хүчтэй нэвтэрчээ.
19 зууны сүүлээс Гадаад Монголруу баримтлах Манжийн бодлогод өөрчлөлт орж, Өвөр Монгол шиг Хятадчиглагдах аюул тулсан бөгөөд, Манжийн хараат байдлаас гарч тусгаар улс байгуулах хөдөлгөөн Монголчуудын дунд өрнөсөн байна. Улмаар 1911 онд Богд Хаант Монгол Улс байгуулагдаж, тусгаар тогтнолоо зарласан боловч 1918 онд цэргийн хүчээр ахин тусгаар тогнолоо алджээ. Дахин 1921 онд Монголын тусгаар тогтнолын хувьсгалчид хойд хөрш Оросын тусламжтайгаар тусгаар тогтнолоо ахин сэргээж Баруун Монголын зарим хэсгийг мөн чөлөөлж, 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхаглажээ.
1924-1991 он хүртэл Монгол Улс нь Социалист чиг баримжаатай орон байсан. 1945 онд Бүгд Найрамдах Хятад Улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн, Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон явдал нь тус тус Монгол Улсыг Олон Улсын Эрх зүйн зарчмаар тусгаар тогнолоо баталгаажуулж, сахин хамгаалахад чухал алхам болсон байна.
Соёл:
Уламжлалт:
Орчин цаг:
Улс төр:
1990-өөд оны сүүлээр дэлхий дахинд өрнөсөн өөрчлөн шинэчлэлт Монгол Улсад мөн тусгалаа олж Социалист нийгмийн байгуулалаас Ардчилсан нийгэмрүү Монгол Улс тайвнаар шилжин оров. Улс төрийн олон намын тогтолцоо, иргэний эрхийн ойлголт, хувийн өмч Монголд бий болов. Түүхийг гуйвуулж, ард иргэдийг хүчлэн удирдаж байсан байдал өөрчлөгдөв.
1992 онд Шинэ Үндсэн Хууль батлагдаж, төрийн дээд эрх мэдэл ард түмний гарт буюу төлөөллийн ардчилсан зарчимтай байхаар болж, анхны чөлөөт парламентын сонгууль явагдав. 1993 онд Монголчууд анхны Ерөнхийлөгчөөр ардчилсан хүчний П.Очирбат сонгогдов. 70 жил Монголыг дангаараа удирдсан МАХН 1996 оны сонгуулиар ялагдаж, ардчилсан хүчин засгийн эрхэнд анх удаа гарав. 1997, 2001 Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын Н.Багабанди сонгогдож 2000 онд МАХН эргэн засгийн эрхэнд гарав. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын Н.Энхбаяр сонгогдов. 2004, 2008 оны сонгуулийн дүнгээр улс төрийн голлох 2 нам ойролцоо суудал авч хамтарсан засгийн газар байгуулан ажиллаж байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан хүчний Ц.Элбэгдорж сонгогдов.
Өнөөдөр Монголд Улс төрийн 20 орчим нам, олон зуун иргэний байгууллага, эвлэл ажиллаж байна.
Эдийн засаг:
Монгол Улсын эдийн засаг нь дан ганц мал аж ахуй голлосон байдлаас гарч, үйлдвэрлэл уул уурхай, газар тариалан, аялал жуулчлалын салбарт мөн анхаарал тавьж, эдийн засгийн олон салбарыг нэгэн зэрэг хөгжүүлэх бодлого баримтлаж байна.
Монгол Улс байгалийн ховор эрдэс баялаг болох Алт, Хар Нүүрс, Коксждог Нүүрс, Зэс, Молибден, Уран, Цайр зэргийн томоохон нөөцтэй хөгжиж байгаа орон. Хурдацтай хөгжиж байгаа БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах, байгалийн баялагыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал хамгийн чухал зорилт болоод байна одоо.
Эдийн засгийн гол гол үзүүлэлтийг авч үзвэл хямралаас өмнө 2003-2008 он хүртэл эдийн засгийн дундаж өсөлт 8 орчим хувьтай байсан бол 2009 онд 0.5 хувь болж буурчээ. Ирэх 2010 оноос байдал эргэн сэргэж 3 хувь орчмоор өсөх урьдчилсан шинж байгаа юм байна.
Гэвч хүн амын дунд ядуурал, төрийн албаны авилгал хээл хахуултай байдал нийгмийг асар ихээр бухимдуулж байна. Ажилгүйдэл албан мэдээгээр 3 орчим хувь гэгдэж байгаа ч бодит байдал дээр хавьгүй их байж мэдэх юм. Түүн дээр нь үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Хүн амын нийслэл хот дахь хэт төвлөрөл агаарын болон ундны усны бохирдол үүсгэж нийгмийг улам бүр хүндрүүлж байна. Олон арван боловсрол мэдлэгтэй, хөдөлмөрийн насны залуус эх орноосоо дайжиж байна.
Эдийн засаг, ахуй амьдралын эдгээр хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, оршин амьдрах нийгмийн таатай орчинг бий болгох бололцоог эдийн засгийн бодит хөгжил, ардчилсан засаглалын төлөвшил бий болгох болохоор энэ чиглэлд нийгмийн зүгээс шүүмжлэлтэй хандах хандлага их байна өнөөдрийн Монголд.
Өнгөрсөн 10 сард Монгол Улс Канад, Английн компаниудтай уул уурхайн төсөлд хамтран ажиллах томоохон гэрээ байгуулсан нь эдийн засгийн нааштай орчинг бий болгож эхлэж байгаа тухай мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллэлийн хэрэгслээр ихээр цацагдаж байна сүүлийн үед.
Монгол Японы харилцаа
Монгол Япон ард иргэд хоорондын албан бус болоод, улс хоорондын албаны харилцаа түүхэндээ урьд өмнө хэзээ ч байгаагүй тийм өндөр түвшинд хүрч хөгжөөд байна өнөөдөр.
Монгол Улсын Эдийн Засгийн шилжилтийн үед Япон улсын засгийн газрын санаачлагаар байгуулагдсан хандивлагчдын цуврал чуулга уулзалт Монгол Улсын эдийн засагт түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Цахилгаан станц, нийтийн тээвэр, боловсролын салбарт тэдгээр тусламжууд бодитойгоор дэмжлэг болж чадсан нь Монгол иргэдийн дундах Япон Улс, Япон хүний талаархи таатай сэтгэгдлийн нэг шалтгаан юм.
Мөн түүнчлэн хоёр орны соёлын харилцаа боловсрол, спорт, урлаг, аялал жуулчлал гэсэн үндсэн салбаруудад хөгжиж байна.
Энэ бүх орчин цагийн таатай харилцаа хоёр орны төр засгийн таатай харилцаанаас гадна, иргэд-иргэд хоорондын бие биенээ хүндэтгэсэн найрсаг байдалтай холбоотой болов уу. Мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн Хөх толботой төрдөг цөөхөн үндэстний тоонд Монгол, Япон хоёул ордог нь эртнээс хоёр орны иргэдийн хооронд угсаа зүйн холбоо байсан байж болохыг илтгэж буй хэрэг ч байж мэдэх юм.
Оогий in IUJ
No comments:
Post a Comment