Friday, November 25, 2011

Түүх бичлэг. 11-26 бол анхдугаар үндсэн хуулийн өдөр.

Маргааш буюу 11-р сарын 26-нд Монгол Улс маань 87 дахь жилдээ "Улс Тунхагласны" гэгдэх баярын өдрөө тэмдэглэх гэж байна. Сонин, веб, найз нөхдийн маань "Нүүрний Ном"-ын статусаар уг баярын уур амьсгал хүчтэйхэн орж буйг мэдэрлээ, бодвол телевиз, радиогоор компаниуд ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж, мөн дарга нар нь өөрсдийн зургаа тавин багахан ПР-аа хийцгээн, бөхөө барилдаж, дуугаа дуулж... манайхан ер нь баярыг яаж тэмдэглэдэг билээ тэр л "сайхан" уур амьсгалаараа тэмдэглэн өнгөрөөх нь лавтай маргааш. 

Харин саяхны хэдэн жилээс жил бүрийн энэ өдөр болохоор л Монголын түүх жоохон ч гэсэн гадарладаг хүмүүсийн хувьд учрыг нь тэр болгон сайн олдоггүй, энгийн "алдаа" мэт боловч бас ээдрээтэй нэг зүйл тохиолдох болсон нь уг баярын нэршлийн талаарх санаа бодлын маргаан, үл ойлгогдох тайлбарууд юм. Та бүхний сонсоогүй шинэ мэдээлэл агуулаагүй ч, түүх бичлэгийн тухай ерөнхий бодлоо илэрхийлж, уг асуудал дээр 11/26-г 12/29-тэй харьцуулан бодож өөрийн үзлээ хүргэхийг хүслээ уг бичил нийтлэлээр.

Монгол Улсын Улсаа Тунхагласан өдөр бол 11 сарын 26-наас илүү 12 сарын 29 өдөр байх нь зүйтэй - Яагаад? Түүнийг засах боломж байна - Яаж?

Соц нийгмийн үед Барон Унгерний тухай сайнаар дурсдаггүй байснаас бидний 80-аад оны төгсгөлөөр төрсөн нөхөд ч мөн анх түүхийн хичээл дээрээ ихэнхи нь түүний тухай бараанаар заалгаж байсан болов уу. Өмнөх үеийн аав ээж, ах эгч нарт маань бол бүүр сайн "зааж" өгсөн байх. Улсынхаа түүхийг инженерчлэлд орсон байсныг бид ч яаж мэдэх вэ тухайн үед. Тухайн үеийн түүхийн сурах бичиг, багш нарын зааснаар бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал "хөдөлгөөн" нь байсан бол Богд хаан дан ганц "Шашны зүтгэлтэн", Боран Унгерн цагаантны талын "дайсан" байлаа. Гэхдээ сүүлийн 10-аад жилд манай Монголын түүх бичлэгт өөр амьсгал орж, өөрсдийн үнэн түүхээ эрж хайх эрмэлзэлтэй судлаачид харьцангуйгаар олон болсон шиг. Энэ бол сайн хэрэг.

Тухайлбал, О.Батсайхан доктор, Баабар зэрэг олонд танигдсан хүмүүс ч 1911-1921 оны хооронд болсон үйл явдлууд Монголын түүхийн ямар чухал хэсэг болохыг нийтэд тайлбарлаж байгаа нь зөв зүйл гэж санагддаг. Гэхдээ мэдээж "будаач будаач гэхээр сахлаа будав" гэдэг шиг 1921 оны Ардын Хувьсгалын баатрууд, Соц нийгмийн төрийн зүтгэлтнүүдийн нэр төрд түүхэн баримтаар нотлогдоогүй хоосон таамаг төдий үндэслэлээр халдах нь маш буруу алхам болж хувирна. Сүхбаатарын хөшөөг төв талбайгаас хөдөлгөх мэт хэтэрхий туйлширсан бодол бол тусгүй зүйлс.

Аливаа түүх бичлэгт тухайн түүхэн нөхцөл байдлын "тооцоог" мөн сайтар харгалзан авч үзэхгүй бол алдаатай ойлголтуудыг нийтэд төрүүлж, олныг хамарсан буруу үзэл бодлуудыг улам бэхжүүлэхэд хүргэнэ. Өнөөдөр бидний амьдарч буй Ардчилсан нийгмийн төлбөрийг 70 жил өмнөх үеийнхэн маань төлсөн гэдгийг мартаж болохгүй бөгөөд тухайн үед ийм хол ирээдүйг харж, өөрийн улсаа авч чадсан тэдгээр баатруудаас суралцах зүйлс их байгаа болов уу өнөөгийн шийдвэр гаргагч, улс төрч гэж өөрсдийгөө цоллодог эрхмүүдэд. Хөрш орнуудын шахалт, дотооддох үзэл бодол, сонирхлын бүлгүүдийн зөрчил зэрэг зүйлс зөвхөн өнөөгийн тулгамдсан асуудлууд бус 1911, 1921 оны тухайн түүхэн цаг нэг бүрт байсан л зүйлсүүд болов уу гэж бодогддог. Түүх бичлэг ямар ч улсын хувьд хамгийн эмзэг нандин зүйлсийн нэг нь байдаг. Монгол Улсын маань хувьд ч мөн адил. Тийм болохоор бага ч гэлтгүй "алдаагүй" түүх бичлэгтэй болж, түүнийгээ хойч үедээ заан сургаж, олон улсад тайлбарлан таниулах нь их тустай.

Үүний нэг жишээ бол маргааш бидний 87 дахь жилдээ тэмдэглэх "Улс Тунхагласны" баярын төөрөгдөл төрүүлж байгаа хоёрдмол утга юм. 1924 оны 11 сарын 26-нд Монгол Улсын түүхэнд юу болсон бэ гэвэл. Тэр өдөр бид анхны үндсэн хуулиа батлаж, уг үндсэн хуулиараа БНМАУ-ыг тунхагласан. Харин БНМАУ бол 1992 оны 1 сарын 13-нд шинэ үндсэн үндсэн хуулиа батласанаар МОНГОЛ УЛС болсон. Тэгэхээр 11-н сарын 26-ныг одоо бид Монгол Улсаа тунхагласан өдөр гэж авч үзэхэд логикийн алдаатай болсон байгаа юм. 

Нөгөө талаар өнөөг хүртэл бид Улс Тунхагласан өдөр, Тусгаар Тогтнолын өдөр гэдэг 2 зүйлийг хамтатган ойлгож ирснээс болоод 11-р сарын сарын 26-ны өдөр одоо ч чухалд тооцогдон бүх нийтийн амралтын өдрийн хэмжээнд явсаар л байна. Мэдээж Монгол Улсынхаа иргэний хувьд энэ өдрийг хүндэтгэн "баяр"-ын түвшинд авч үзэх нь иргэн миний үүрэг. Гэхдээ баяр болгон тэмдэглэх үнэн утганд гараад байгаа алдааг залруулахын төлөө дуугарах нь бас иргэн миний үүрэг. 

Тэгэхээр 11-н сарын 26-н гэдэг өдөр бол БНМАУ-ыг тунхагласан өдөр. Харин уг өдрийн ХХ зууны Монголын АНХДУГААР Үндсэн хуулийг батласан өдөр гэдэг түүхэн ач холбогдол нь манай түүхээс хэзээ ч үл арилах эрхэм өдөр. Гэхдээ 11/26 бол өнөөдрийн МОНГОЛ УЛС-ыг тунхагласан өдөр биш. Энэ улсаа бид 1992 оны 1-р сарын 13-нд тунхагласан. 

Харин түүхэн өдөр хэрэгтэй гэвэл 1911 оны 12-р сарын 29-ны Олноо Өргөгдсөн Монгол Улсыг тунхагласан өдрийг сонгох нь хамгийн зөв сонголт болно. Учир нь одоо бидний хамтатган ойлгоод буй Улс Тунхагласан өдөр, Тусгаар Тогтнолын өдөр 2 бол яг энэ өдөр хамт түүхэн утгаараа тохиосон байдаг. 

Монголын түүх бичлэгт жижиг гэлтгүй - жинхэнэ "том" засах ёстой зүйлсийн нэг бол өнөөдрийн тунхагласан улс нь солигдсон ч, энэ бол бидний Тусгаар Тогтносон өдөр маань гэж нийтээрээ ойлгон тэмдэглэж буй 11/26-ны баярын өдөр. 11/26 баярын өдрөөрөө үлдэж болно, гагцхүү баярын нэрээ Анхдугаар Үндсэн хуулиа батлаж, БНМАУ байгуулсан өдөр гэвэл зохилтой. Түүнийг даган бий болсон олныг төөрөгдүүлж буй буруу ойлголт түүх бичлэгийг гажуудуулж, бусад чухал түүхэн үйл явдлууд болох 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалын үнэ цэнийг багасган харахад хүргэж болох юм.

Тиймээс 12/29-ныг зөвхөн Монголын Дипломатчдын өдөр бус МОНГОЛЫН ТУСГААР ТОГТОНОЛЫН ӨДӨР гэж нэрлэж хэвшвэл зүйтэй. Энэ мэт жижиг гэлтгүй - маш том зүйлсээр Монголын Түүх бичлэгээ сайжруулмаар байна. Маргааш тохиох ХХ зууны шинэ Монголын анхдугаар үндсэн хуулиа батлан, БНМАУ тунхагласны 87-н жилийн түүхэн өдрийн мэнд хүргье.

Б.Отгонбаатар
2011.11.25 

Tuesday, October 18, 2011

Хүний төлөөх нийгэм


10 сарийн 18-ний Өдрийн сониноос Монгол улсийн нэгэн иргэн эмнэлгийн газар хагас өдөр байсан ч эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр насан эцэслэсэн тухай харамсалтай мэдээг олж уншлаа. Шалтгаанийг тухайн нийтлэл бичсэн сэтгүүлч түүний очсон эмнэлгийн байгууллагаас голлон эрэн хайсан хандлагатайгаар бичсэн санагдав. Тэгэлгүй ч яахав. Харин тухайн байгууллагийн орлогч дарга хэмээх нэгэн эрхэм хэлэхдээ “эргүүлийн цагдаагаар хүргүүлж ирсэн нэгэн “архичин” яах гэж байгаа нь мэдэгдэхгүй унтаж байсан гэсэн, манай байгууллагын байранд нас барсанд харамсаж байна” гэсэн утгатай ярилцлага өгчээ. Харин түүний ойр орчимд тухайн үед байсан иргэд түүнийг эмнэлгийн тусламж хүсэж байсан  гэж хэлсэн тухай сэтгүүлчид мэдээллэжээ. 

Дээрхи эмгэнэлтэй хэргийн талаар тэр эмнэлэг, энэ согтуу гэж хэргийн буруутанг олж тогтоохыг урьтал болгосонгүй. Зөвхөн өөрийнхөө бодолд туссан уг хэргийн талаархи шалтгаанийг хэлэх гэсэн юм. Тэр бол манай нийгмийн дээдхэс гэгдэх нөхдөөсөө авахуулад доодох гэгдэх олон хүмүүст нийтлэг ажиглагддаг “Хариуцлагаас Зугатах Зан”. 

Бодоод үзьелдээ бүгдээрээ.  Хэрэв тухайн хүнийг эмнэлэгт хүргэж ирсэн эргүүлийн цагдаа жоохон л “хүнлэг” сэтгэл гаргаад эмч нарт хариуцлагатайгаар эмчлэхийг хүссэн бол... Хүлээн авсан эмч нь ажилдаа мэргэшсэн, өвчтнийхөө зовиур шаналалыг шуудхан мэдэж оновчтой арга хэмжээ авах сэтгэл өчүүхэн ч гэсэн төрсөн бол... Мөн бусад эмч нар, тухайн байгууллагийн ажилчид талийгаачийн хажуугаар нь зүгээр хараад өнгөрхийн оронд энэ хүн яасан юм бол, хүн гуай зүгээр үү? гээд л асууж ярилцсан бол... Оройлцоо нь байсан жирийн иргэд эмч нарт түүний бие тааруу буйг мэдэгдэн арга хэмжээ авахыг шаардсан бол... тэр хүн өнөөдөр амьд байж болох байлаа. Хамгийн гол нь ХҮМҮҮС хоорондийн нэгнийхээ төлөө гэх сэтгэл дутагдсан болоод тэр хүн өнөөдөр бидний дунд алга болжээ. Ажил үүрэг хүлээсэн цагдаа эмч нар тэр ажлаа хийсэн нэр төдий зүгээгүйсэн бол... Ихэнхдээ хийдүүлж бус хийж буй ажлаа нийгмийн үйлчилгээний алба гэдгийг сайтар ойлгож ажилласан бол... гэх мэтчилэн гээр миний бол... ууд цааш үргэлжлэн, бичиж буй сэдвээс маань бүр хазгайруулж орхих гээд болдоггүй ээ.

Хамгийн гол хэлэх гэсэн санаа маань “эмнэлэг, цагдаа, татвар гээд төрийн бусад үйлчилгээний албаныхан энэ миний ажил биш, тэр мэднэ тийшээ яв гээд өөрөөсөө бүх зүйлийг зайлуулдаг нэг болчимгүй зан манай нийгэмд их байгаа ажиглагддаг. Тэдгээр төрийн албаны хүнд сурталтай хэсэг нөхөд төр иргэддээ үйлчлэх, тэднийг хамгаалахийн тулд оршин байдаг газар гэдгийг ойлгодоггүй, бас мэддэггүй нь төдий чинээ юм. Шууд биш хамааралтай ч, ХЗЗ-ын улмаас нэгэн хүний алтан амь золиос болжээ гэсэн бодол төрлөө.


“хүчтэй төрийн” “архичин нэгэн залуу” R.I.P

Sunday, January 24, 2010

Монгол Улс

Энд болсон нэгэн соёлын арга хэмжээнд зориулан бичсэн нэг тойм маягийн бичвэрээ блогтоо тавиадхая.

|2009 оны 12 сарын 6-ны байдлаар|
Газар зүй:
Монгол Улс нь Төв болон Зүүн Хойд Азийн тэгш өндөрлөг газарт 1 сая 564мянган км2 талбай эзлэн өмнө талаараа БНХАУ, хойд талаараа ОХУ-тай хил залган оршино. Цаг агаарын хувьд говь хээрийн эрс тэс, хуурай уур амьсгалтай, далайд гарцгүй орон юм. Цагийн 3 бүсэд хуваагдах ба Зүүн бүс нь Япон Улстай адил болно. Монгол Улс засаг захиргааны нэгжийн хувьд Нийслэл хот Улаанбаатар, 21 аймагтай.
Хүн ам:
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр Монгол Улсын нийт хүн ам 2 сая 735 мянга гэж тооцоологдсон байна. Үүнээс насны хувьд 35 аас доош насныхан 2|3-ийг эзлэж байгаа бөгөөд түүнийхээ хагас нь 14 ээс доош насныхан байна. Хүн амын насны бүтцээр авч үзвэл Монгол Улс харьцангуй залуу оронд тооцогдох юм. Насанд хүрсэн нийт иргэдийн 98% бичиг үсэг тайлагдсан. Төрөөс суурь боловсролыг үнэ төлбөргүй олгодог. Үндэстний хувьд хүн амын 93 хувь нь Монгол, 6 хувь нь Казак, 1 хувь нь бусад үндэстэн. Монгол үндэстэн мөн ахуй соёл, хэлний өвөрмөц ялгаа бүхий олон арван ястантай.
Түүх:
Монголчууд хүн төрөлхтөн, дэлхийн түүхэнд өөрсдийн гэсэн ул мөрөө үлдээсэн ард түмэн юм. Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 30 мянган жилийн тэртээ буюу эртний дээд чулуун зэвсгийн үеэс авхуулан хүн амьдарч байсан ул мөр олонтоо олддог бөгөөд эртний нүүдэлчдийн томоохон хаант улсууд тус газар дээр оршин тогтнож байсан байдаг.
13 зууны эхэн үед олон зуун тархай, бутархай Монгол овог аймаг оршин байсан бөгөөд, тэднийг нэгдсэн нэгэн төрт улсад нэгтгэн удирдсан хүн бол Чингис Хаан юм. Тэрээр 1206 онд Их Монгол Улсыг тунхаглаж хүн төрөлхтний түүхэнд хамгийн томд тооцогдох эзэнт гүрнийг үүсгэн бий болгожээ. Их Монгол Улс нь газар зүйн их нээлт хийгдэхээс өмнөх тухайн үеийн нийт “дэлхийн” буюу ЕвроАзийн 2|3-ийг эзэлсэн газар нутагтай байсан байна.
Гэвч энэхүү байлдан дагуулал, нэгтгэн удирдахад төвөгтэй хэтэрхий том газар нутаг, олон өөр соёл иргэншил, Монгол Хаадын бие даасан тусгаар бодлогын улмаас 15-р зуунд нуран унасан байна. Энэ цагаас хойш 20 зууны эхэн, дунд үе хүртэл Монгол үндэстэн салан бутарч, өөр өөр хэсэгт хуваагдан жижгэрсэн байна.
17-18 зуунд Монголчууд 3 хуваагдан Манжийн ноёлолд орсон бөгөөд Гадаад, Өвөр, Баруун Монгол гэх өнөөдөр бидний мэдэх нэрнүүд тухайн үеэс үүсэлтэй аж. Газар зүйн ойр байдал Манжийн баримтлаж байсан бодлогоос шалтгаалан Өвөр Монголын нутаг Хятадчиглагдаж, олон тооны Баруун Монголчууд устгуулсан байна. Энэ үеэс Буддизм Монголд мөн хүчтэй нэвтэрчээ.
19 зууны сүүлээс Гадаад Монголруу баримтлах Манжийн бодлогод өөрчлөлт орж, Өвөр Монгол шиг Хятадчиглагдах аюул тулсан бөгөөд, Манжийн хараат байдлаас гарч тусгаар улс байгуулах хөдөлгөөн Монголчуудын дунд өрнөсөн байна. Улмаар 1911 онд Богд Хаант Монгол Улс байгуулагдаж, тусгаар тогтнолоо зарласан боловч 1918 онд цэргийн хүчээр ахин тусгаар тогнолоо алджээ. Дахин 1921 онд Монголын тусгаар тогтнолын хувьсгалчид хойд хөрш Оросын тусламжтайгаар тусгаар тогтнолоо ахин сэргээж Баруун Монголын зарим хэсгийг мөн чөлөөлж, 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхаглажээ.
1924-1991 он хүртэл Монгол Улс нь Социалист чиг баримжаатай орон байсан. 1945 онд Бүгд Найрамдах Хятад Улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн, Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон явдал нь тус тус Монгол Улсыг Олон Улсын Эрх зүйн зарчмаар тусгаар тогнолоо баталгаажуулж, сахин хамгаалахад чухал алхам болсон байна.
Соёл:
Уламжлалт:
Орчин цаг:
Улс төр:
1990-өөд оны сүүлээр дэлхий дахинд өрнөсөн өөрчлөн шинэчлэлт Монгол Улсад мөн тусгалаа олж Социалист нийгмийн байгуулалаас Ардчилсан нийгэмрүү Монгол Улс тайвнаар шилжин оров. Улс төрийн олон намын тогтолцоо, иргэний эрхийн ойлголт, хувийн өмч Монголд бий болов. Түүхийг гуйвуулж, ард иргэдийг хүчлэн удирдаж байсан байдал өөрчлөгдөв.
1992 онд Шинэ Үндсэн Хууль батлагдаж, төрийн дээд эрх мэдэл ард түмний гарт буюу төлөөллийн ардчилсан зарчимтай байхаар болж, анхны чөлөөт парламентын сонгууль явагдав. 1993 онд Монголчууд анхны Ерөнхийлөгчөөр ардчилсан хүчний П.Очирбат сонгогдов. 70 жил Монголыг дангаараа удирдсан МАХН 1996 оны сонгуулиар ялагдаж, ардчилсан хүчин засгийн эрхэнд анх удаа гарав. 1997, 2001 Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын Н.Багабанди сонгогдож 2000 онд МАХН эргэн засгийн эрхэнд гарав. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын Н.Энхбаяр сонгогдов. 2004, 2008 оны сонгуулийн дүнгээр улс төрийн голлох 2 нам ойролцоо суудал авч хамтарсан засгийн газар байгуулан ажиллаж байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан хүчний Ц.Элбэгдорж сонгогдов.
Өнөөдөр Монголд Улс төрийн 20 орчим нам, олон зуун иргэний байгууллага, эвлэл ажиллаж байна.
Эдийн засаг:
Монгол Улсын эдийн засаг нь дан ганц мал аж ахуй голлосон байдлаас гарч, үйлдвэрлэл уул уурхай, газар тариалан, аялал жуулчлалын салбарт мөн анхаарал тавьж, эдийн засгийн олон салбарыг нэгэн зэрэг хөгжүүлэх бодлого баримтлаж байна.
Монгол Улс байгалийн ховор эрдэс баялаг болох Алт, Хар Нүүрс, Коксждог Нүүрс, Зэс, Молибден, Уран, Цайр зэргийн томоохон нөөцтэй хөгжиж байгаа орон. Хурдацтай хөгжиж байгаа БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах, байгалийн баялагыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал хамгийн чухал зорилт болоод байна одоо.
Эдийн засгийн гол гол үзүүлэлтийг авч үзвэл хямралаас өмнө 2003-2008 он хүртэл эдийн засгийн дундаж өсөлт 8 орчим хувьтай байсан бол 2009 онд 0.5 хувь болж буурчээ. Ирэх 2010 оноос байдал эргэн сэргэж 3 хувь орчмоор өсөх урьдчилсан шинж байгаа юм байна.
Гэвч хүн амын дунд ядуурал, төрийн албаны авилгал хээл хахуултай байдал нийгмийг асар ихээр бухимдуулж байна. Ажилгүйдэл албан мэдээгээр 3 орчим хувь гэгдэж байгаа ч бодит байдал дээр хавьгүй их байж мэдэх юм. Түүн дээр нь үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Хүн амын нийслэл хот дахь хэт төвлөрөл агаарын болон ундны усны бохирдол үүсгэж нийгмийг улам бүр хүндрүүлж байна. Олон арван боловсрол мэдлэгтэй, хөдөлмөрийн насны залуус эх орноосоо дайжиж байна.
Эдийн засаг, ахуй амьдралын эдгээр хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, оршин амьдрах нийгмийн таатай орчинг бий болгох бололцоог эдийн засгийн бодит хөгжил, ардчилсан засаглалын төлөвшил бий болгох болохоор энэ чиглэлд нийгмийн зүгээс шүүмжлэлтэй хандах хандлага их байна өнөөдрийн Монголд.
Өнгөрсөн 10 сард Монгол Улс Канад, Английн компаниудтай уул уурхайн төсөлд хамтран ажиллах томоохон гэрээ байгуулсан нь эдийн засгийн нааштай орчинг бий болгож эхлэж байгаа тухай мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллэлийн хэрэгслээр ихээр цацагдаж байна сүүлийн үед.
Монгол Японы харилцаа
Монгол Япон ард иргэд хоорондын албан бус болоод, улс хоорондын албаны харилцаа түүхэндээ урьд өмнө хэзээ ч байгаагүй тийм өндөр түвшинд хүрч хөгжөөд байна өнөөдөр.
Монгол Улсын Эдийн Засгийн шилжилтийн үед Япон улсын засгийн газрын санаачлагаар байгуулагдсан хандивлагчдын цуврал чуулга уулзалт Монгол Улсын эдийн засагт түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Цахилгаан станц, нийтийн тээвэр, боловсролын салбарт тэдгээр тусламжууд бодитойгоор дэмжлэг болж чадсан нь Монгол иргэдийн дундах Япон Улс, Япон хүний талаархи таатай сэтгэгдлийн нэг шалтгаан юм.
Мөн түүнчлэн хоёр орны соёлын харилцаа боловсрол, спорт, урлаг, аялал жуулчлал гэсэн үндсэн салбаруудад хөгжиж байна.
Энэ бүх орчин цагийн таатай харилцаа хоёр орны төр засгийн таатай харилцаанаас гадна, иргэд-иргэд хоорондын бие биенээ хүндэтгэсэн найрсаг байдалтай холбоотой болов уу. Мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн Хөх толботой төрдөг цөөхөн үндэстний тоонд Монгол, Япон хоёул ордог нь эртнээс хоёр орны иргэдийн хооронд угсаа зүйн холбоо байсан байж болохыг илтгэж буй хэрэг ч байж мэдэх юм.
Оогий in IUJ

Tuesday, October 14, 2008

Төрийн эрх ард түмний гарт...

Монгол Улсын орон нутгийн сонгууль-2008 өнгөрөгч Ням гарагт Монгол орон даяар болж өнгөрлөө. Хачирхалтай нь Монгол Улсын түүхэнд анх удаагаа сонгуулийн ирц хүрэлгүй уг сонгууль хэд хэдэн газарт дахин явагдахаар болсон байна.

Ирц хүрээгүй явдлыг зөвтгөхгүй байгаа ч, энэ удаад учир шалтгаан нь минийхээр ердөө маш тодорхой байлаа.

Иргэд нам болж тоглодог цөөн хэдэн хүнд алдагдаад байсан өөрсдийнхөө эрх мэдлээ олж авахын төлөөх бас нэгэн алхамаа хийсэн юм болов уу, гэж харж байна уг үйл явдлыг.

Төр шиг төр байсансан бол "бид" юу гэж ингэхэв дээ...