Маргааш буюу 11-р сарын 26-нд Монгол Улс маань 87 дахь жилдээ "Улс Тунхагласны" гэгдэх баярын өдрөө тэмдэглэх гэж байна. Сонин, веб, найз нөхдийн маань "Нүүрний Ном"-ын статусаар уг баярын уур амьсгал хүчтэйхэн орж буйг мэдэрлээ, бодвол телевиз, радиогоор компаниуд ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж, мөн дарга нар нь өөрсдийн зургаа тавин багахан ПР-аа хийцгээн, бөхөө барилдаж, дуугаа дуулж... манайхан ер нь баярыг яаж тэмдэглэдэг билээ тэр л "сайхан" уур амьсгалаараа тэмдэглэн өнгөрөөх нь лавтай маргааш.
Харин саяхны хэдэн жилээс жил бүрийн энэ өдөр болохоор л Монголын түүх жоохон ч гэсэн гадарладаг хүмүүсийн хувьд учрыг нь тэр болгон сайн олдоггүй, энгийн "алдаа" мэт боловч бас ээдрээтэй нэг зүйл тохиолдох болсон нь уг баярын нэршлийн талаарх санаа бодлын маргаан, үл ойлгогдох тайлбарууд юм. Та бүхний сонсоогүй шинэ мэдээлэл агуулаагүй ч, түүх бичлэгийн тухай ерөнхий бодлоо илэрхийлж, уг асуудал дээр 11/26-г 12/29-тэй харьцуулан бодож өөрийн үзлээ хүргэхийг хүслээ уг бичил нийтлэлээр.
Монгол Улсын Улсаа Тунхагласан өдөр бол 11 сарын 26-наас илүү 12 сарын 29 өдөр байх нь зүйтэй - Яагаад? Түүнийг засах боломж байна - Яаж?
Соц нийгмийн үед Барон Унгерний тухай сайнаар дурсдаггүй байснаас бидний 80-аад оны төгсгөлөөр төрсөн нөхөд ч мөн анх түүхийн хичээл дээрээ ихэнхи нь түүний тухай бараанаар заалгаж байсан болов уу. Өмнөх үеийн аав ээж, ах эгч нарт маань бол бүүр сайн "зааж" өгсөн байх. Улсынхаа түүхийг инженерчлэлд орсон байсныг бид ч яаж мэдэх вэ тухайн үед. Тухайн үеийн түүхийн сурах бичиг, багш нарын зааснаар бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал "хөдөлгөөн" нь байсан бол Богд хаан дан ганц "Шашны зүтгэлтэн", Боран Унгерн цагаантны талын "дайсан" байлаа. Гэхдээ сүүлийн 10-аад жилд манай Монголын түүх бичлэгт өөр амьсгал орж, өөрсдийн үнэн түүхээ эрж хайх эрмэлзэлтэй судлаачид харьцангуйгаар олон болсон шиг. Энэ бол сайн хэрэг.
Тухайлбал, О.Батсайхан доктор, Баабар зэрэг олонд танигдсан хүмүүс ч 1911-1921 оны хооронд болсон үйл явдлууд Монголын түүхийн ямар чухал хэсэг болохыг нийтэд тайлбарлаж байгаа нь зөв зүйл гэж санагддаг. Гэхдээ мэдээж "будаач будаач гэхээр сахлаа будав" гэдэг шиг 1921 оны Ардын Хувьсгалын баатрууд, Соц нийгмийн төрийн зүтгэлтнүүдийн нэр төрд түүхэн баримтаар нотлогдоогүй хоосон таамаг төдий үндэслэлээр халдах нь маш буруу алхам болж хувирна. Сүхбаатарын хөшөөг төв талбайгаас хөдөлгөх мэт хэтэрхий туйлширсан бодол бол тусгүй зүйлс.
Аливаа түүх бичлэгт тухайн түүхэн нөхцөл байдлын "тооцоог" мөн сайтар харгалзан авч үзэхгүй бол алдаатай ойлголтуудыг нийтэд төрүүлж, олныг хамарсан буруу үзэл бодлуудыг улам бэхжүүлэхэд хүргэнэ. Өнөөдөр бидний амьдарч буй Ардчилсан нийгмийн төлбөрийг 70 жил өмнөх үеийнхэн маань төлсөн гэдгийг мартаж болохгүй бөгөөд тухайн үед ийм хол ирээдүйг харж, өөрийн улсаа авч чадсан тэдгээр баатруудаас суралцах зүйлс их байгаа болов уу өнөөгийн шийдвэр гаргагч, улс төрч гэж өөрсдийгөө цоллодог эрхмүүдэд. Хөрш орнуудын шахалт, дотооддох үзэл бодол, сонирхлын бүлгүүдийн зөрчил зэрэг зүйлс зөвхөн өнөөгийн тулгамдсан асуудлууд бус 1911, 1921 оны тухайн түүхэн цаг нэг бүрт байсан л зүйлсүүд болов уу гэж бодогддог. Түүх бичлэг ямар ч улсын хувьд хамгийн эмзэг нандин зүйлсийн нэг нь байдаг. Монгол Улсын маань хувьд ч мөн адил. Тийм болохоор бага ч гэлтгүй "алдаагүй" түүх бичлэгтэй болж, түүнийгээ хойч үедээ заан сургаж, олон улсад тайлбарлан таниулах нь их тустай.
Үүний нэг жишээ бол маргааш бидний 87 дахь жилдээ тэмдэглэх "Улс Тунхагласны" баярын төөрөгдөл төрүүлж байгаа хоёрдмол утга юм. 1924 оны 11 сарын 26-нд Монгол Улсын түүхэнд юу болсон бэ гэвэл. Тэр өдөр бид анхны үндсэн хуулиа батлаж, уг үндсэн хуулиараа БНМАУ-ыг тунхагласан. Харин БНМАУ бол 1992 оны 1 сарын 13-нд шинэ үндсэн үндсэн хуулиа батласанаар МОНГОЛ УЛС болсон. Тэгэхээр 11-н сарын 26-ныг одоо бид Монгол Улсаа тунхагласан өдөр гэж авч үзэхэд логикийн алдаатай болсон байгаа юм.
Нөгөө талаар өнөөг хүртэл бид Улс Тунхагласан өдөр, Тусгаар Тогтнолын өдөр гэдэг 2 зүйлийг хамтатган ойлгож ирснээс болоод 11-р сарын сарын 26-ны өдөр одоо ч чухалд тооцогдон бүх нийтийн амралтын өдрийн хэмжээнд явсаар л байна. Мэдээж Монгол Улсынхаа иргэний хувьд энэ өдрийг хүндэтгэн "баяр"-ын түвшинд авч үзэх нь иргэн миний үүрэг. Гэхдээ баяр болгон тэмдэглэх үнэн утганд гараад байгаа алдааг залруулахын төлөө дуугарах нь бас иргэн миний үүрэг.
Тэгэхээр 11-н сарын 26-н гэдэг өдөр бол БНМАУ-ыг тунхагласан өдөр. Харин уг өдрийн ХХ зууны Монголын АНХДУГААР Үндсэн хуулийг батласан өдөр гэдэг түүхэн ач холбогдол нь манай түүхээс хэзээ ч үл арилах эрхэм өдөр. Гэхдээ 11/26 бол өнөөдрийн МОНГОЛ УЛС-ыг тунхагласан өдөр биш. Энэ улсаа бид 1992 оны 1-р сарын 13-нд тунхагласан.
Харин түүхэн өдөр хэрэгтэй гэвэл 1911 оны 12-р сарын 29-ны Олноо Өргөгдсөн Монгол Улсыг тунхагласан өдрийг сонгох нь хамгийн зөв сонголт болно. Учир нь одоо бидний хамтатган ойлгоод буй Улс Тунхагласан өдөр, Тусгаар Тогтнолын өдөр 2 бол яг энэ өдөр хамт түүхэн утгаараа тохиосон байдаг.
Монголын түүх бичлэгт жижиг гэлтгүй - жинхэнэ "том" засах ёстой зүйлсийн нэг бол өнөөдрийн тунхагласан улс нь солигдсон ч, энэ бол бидний Тусгаар Тогтносон өдөр маань гэж нийтээрээ ойлгон тэмдэглэж буй 11/26-ны баярын өдөр. 11/26 баярын өдрөөрөө үлдэж болно, гагцхүү баярын нэрээ Анхдугаар Үндсэн хуулиа батлаж, БНМАУ байгуулсан өдөр гэвэл зохилтой. Түүнийг даган бий болсон олныг төөрөгдүүлж буй буруу ойлголт түүх бичлэгийг гажуудуулж, бусад чухал түүхэн үйл явдлууд болох 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалын үнэ цэнийг багасган харахад хүргэж болох юм.
Тиймээс 12/29-ныг зөвхөн Монголын Дипломатчдын өдөр бус МОНГОЛЫН ТУСГААР ТОГТОНОЛЫН ӨДӨР гэж нэрлэж хэвшвэл зүйтэй. Энэ мэт жижиг гэлтгүй - маш том зүйлсээр Монголын Түүх бичлэгээ сайжруулмаар байна. Маргааш тохиох ХХ зууны шинэ Монголын анхдугаар үндсэн хуулиа батлан, БНМАУ тунхагласны 87-н жилийн түүхэн өдрийн мэнд хүргье.
Б.Отгонбаатар
2011.11.25